Хайрхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хайрхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИТХ-ЫН ДЭГ

2017-12-05

                     Орон нутгийн 7 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан ИТХ-ын "Анхдугаар" хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хуралдаж "Хуралдааны дэг"-ийг батлан мөрдөн ажиллаж байна.




Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн

01/02 дугаар тогтоолын хавсралт

 

ХАЙРХАНДУЛААН СУМЫН  ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2016-2020 ОНЫ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНЫ ХУРАЛДААНЫ ДЭГ


Нэг:  Нийтлэг үндэслэл

 

1 дүгээр зүйл. Дэгийн зохицуулалт:

 

1.1 Хуралдааны дэг нь  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар олгогдсон Хурлын онцгой болон нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх, сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны үндсэн хэлбэр болсон хуралдааны үеийн  харилцааг зохицуулахад чиглэгдэнэ.

 

2 дугаар. Хуралдааны дэгийн тухай хууль тогтоомж

 

2.1 Хуралдааны дэгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.

 

3 дугаар зүйл. Хуралдааны үндсэн зарчим:

 

3.1 Сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид нь /цаашид төлөөлөгч гэнэ/ нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн нийтлэг эрх, ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх, үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, эв нэгдлийг хангах, ил тод, нээлттэй, хууль  дээдлэх зарчмыг баримтàлна.

3.2 Төлөөлөгч хуралдааныг товлон зарласан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй.

3.3 Хуралдаан асуудлыг чөлөөтэй хэлэлцэж, цөөнхийн саналыг хүндэтгэн сонсч, олонхийн саналаар шийдвэрлэх зарчмыг удирдлага болгоно.

3.4 Төлөөлөгчид нь хуралдааны дэг, дотоод журмыг чанд сахин бие биеэ харилцан хүндэтгэж, асуудлыг шуурхай, ажил хэрэгчээр  хэлэлцэх зарчмаар хуралдаанд оролцоно.


Хоёр:Хуралдааны зохион байгуулалт

       

 4. дүгээр зүйл. Хуралдааны тов, хэлэлцэх асуудал

 

         4.1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.1-23.9 дугаар зүйлийг мөрдлөг болгоно.

         4.2. ИТХ-ын ээлжит хуралдааныг  Хурлын Тэргүүлэгчид 15-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлаж мэдээлэх ба хуралдааны хэлэлцэх асуудалтай холбогдуулан байгууллага, албан тушаалтанд хуралдаан болохоос 12-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ.

          4.3. Хуралдааны бэлтгэл хангах ажлыг ИТХ-ын Àжлын алба, тухайн хуралдааны хэлэлцэх асуудалтай холбоотойгоор асуудал санаачлах эрх бүхий субъект,  албад, ажилтан, бусад байгууллага адил үүрэгтэйгээр оролцоно. Хурлын хуралдааны бэлтгэл хангах, хэлэлцэх асуудал боловсруулах зорилгоор нам, эвслийн бүлэг, хурлын хороо, ажлын хэсгийн  хуралдааныг хуралдуулна. Хуралдаанд  асуудал оруулах эрх бүхий субьектээс санал, тооцоо судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг авч хуульд заасан хугацаанд буюу хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Төлөөлөгчдөд тараах, хүргэх, мэдэгдэх ажлыг Хурлын ажлын албанаас зохион байгуулна.

4.4. Хурлын ээлжит хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар тогтоно.

4.5. Намын бүлэг хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор хуралдаанаас завсарлага авч болох ба завсарлага авах хүсэлтийг намын бүлгийн ахлагч Хурлын даргад бичгээр болон амаар гаргах ба завсарлах цаг хугацааг тодорхой тохирч, цагаа нарийн чанд баримтлана. Завсарлагын хугацаа нь тодорхой нэг асуудал дээр 2 хүртэл удаа 60 хүртэл минут байна.

4.6. Хуралдаанд бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн нийт төлөөлөгчийн олонхи оролцсоноор ирцийг хүчин төгөлдөрт тооцно.

4.7. Хурлын Төлөөлөгч нэгдсэн хуралдаанд хүндэтгэх шалтгаанаар ирэх боломжгүйд хүрвэл Хурлын даргад мэдэгдэж, хэлэлцэх асуудалтай холбоотой саналаа урьдчилан бичгээр ирүүлж болно. Харин хурлын ирцийг тооцоход тухайн төлөөлөгчийг оруулж тооцохгүй.

4.8. Хурлын Төлөөлөгч өвчтэй буюу өвчтэй хүн асарсан, гадаад, дотоод томилолтоор явсан, түүнчлэн хурал, уулзалтанд зайлшгүй оролцох шаардлагатай байсан бол хүндэтгэх шалтгаантай гэж үзэх бөгөөд эдгээр шалтгаан байхгүй бол хуралдаан тасалсанд тооцно.

4.9. Хурлын Төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно

4.10. Хурлын Төлөөлөгч шалтгаангүйгээр  хуралдаанд оролцоогүй буюу орхиж гарсан бол хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна.

4.11. Хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Хурлын Төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүйн саналаар ээлжит хуралдаанаар хэлэлцүүлнэ. Нэмэлт өөрчлөлтийг нийт Төлөөлөгчдийн олонхийн саналаар батална.


      5 дугаар зүйл. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан

 

5.1. Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь нээж удирдах бөгөөд өмнөх ИТХ-ын Тэргүүлэгчдийн хэлэлцэхээр тогтсон асуудлыг хэлэлцэнэ.

5.2. Хурлын болон Засаг  даргад сонгуулийн дүнгээр тухайн хуралд хамгийн олон       суудал авсан нам эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй

5.3. Хурлын төлөөлөгчид Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлж болно.

5.4. Хурлын болон Засаг даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсонд тооцож, Хурлын тогтоолоор баталгаажуулан,  тамга тэмдгийг гардуулна.

5.5. Хурлын болон Засаг даргад нэр дэвшсэн нэр дэвшигчдийн аль нэг нь олонхийн санал аваагүй бол санал тэнцсэн буюу хамгийн олон санал авсан хоёр төлөөлөгчийг хоёр дахь санал хураалтад оруулна. Тэдгээрийн хэн ч олонхийн санал аваагүй бол Хурлын даргад дахин нэр дэвшүүлэх ажиллагааг явуулна.

5.6. Хурлын төлөөлөгчид санал хураалтад оролцож зөвхөн нэг хүний төлөө санал өгөх ба нэр дэвшигч өөрөө санал хураалтад оролцох эрхтэй.                                                                               

5.7. Хурлын дарга болон Хурлын тэргүүлэгчдийг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтыг зохион байгуулах Тооллогын комиссыг төлөөлөгчдийн саналаар байгуулна.

         5.8. Хурлын Тэргүүлэгчдийг Хурлын даргыг оролцуулан 7 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр сонгоно.

5.9. Сумын Засаг даргад тухайн Хурал дахь намын бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч нэр дэвшүүлэх эрхтэй. Сумын Засаг даргад нэр дэвшигч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйл 26.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

6 дугаар зүйл. Хурлын хуралдаанд асуудал оруулах эрх

 

6.1 Хурлын төлөөлөгч, Хурлын хороо, Намын бүлэг, сумын Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй.

6.2. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн төлөөлөгчөөрөө дамжуулан Хуралд асуудал хэлэлцүүлэхээр санал дэвшүүлж болно.

6.3.  Хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг Хурлын даргад өргөн барьж, Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах эсэхийг шийдвэрлэнэ. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах боломжгүй бол энэ тухайгаа хариу мэдэгдэнэ.

6.4. Хуралдаанаар хэлэлцүүлэх асуудал тодорхой төсөв, зохион байгуулалт, хүн хүч  шаардсан ажил бол сумын Засаг даргын саналыг заавал авсан байх ёстой. Хурлын төлөөлөгчөөс санал авахаар ирүүлсэн асуудлын төслийг сумын Засаг дарга судалж үзээд ердийн боломжит хугацаанд санал өгөх ба хамгийн ойрын ээлжит хуралдаанд амжиж санал өгөөгүй бол дараагийн ээлжит хурлаас өмнө заавал санал өгсөн байна.

 

7 дугаар зүйл.  Намын бүлэг байгуулах, түүний ажлын зохион байгуулалт

 

7.1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнгээр Хуралд 7-оос доошгүй суудал авсан нам бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг шинээр байгуулагдсан Хурлын  хуралдаан даргалагчид, өргөн мэдүүлнэ.

7.2. Хуралдаан даргалагч намын бүлэг байгуулсан тухай шийдвэр, түүний бүрэлдэхүүнийг хуралдаанд уншиж танилцуулах бөгөөд энэ асуудлаар аливаа хэлэлцүүлэг явуулахгүй.

7.3. Шинээр нөхөн сонгогдсон төлөөлөгч аль нэг намын бүлэгт нэгдэн орвол түүнийг албан ёсоор мэдээлнэ.

7.4. Намын бүлгийн ахлагчийг дотроосоо сонгоно.

7.5. Намын бүлэг нь хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор санал дүгнэлтээ гаргах, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах, хуралдааны үед завсарлага авах, Хурлын дарга, Тэргүүлэгчидтэй аливаа асуудлаар зөвшилцөх, Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх, чөлөөлөх асуудалд санал өгөх эрхтэй.

7.6. Хурлын шийдвэрийн төслийг намын  бүлэг хэлэлцэж гаргасан дүгнэлтээ Хурлын хуралдаанд танилцуулна.

 

8 дугаар зүйл. Хурлын хороо, түр хороо, ажлын хэсэг байгуулах, тэдгээрийн ажлын зохион байгуулалт

 

8.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийг удирдлага болгон сумын ИТХ нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах,  бодлогын баримт бичиг санаачлах, тогтоол шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий дараах Хороодтой байна. Үүнд:

1.Төсөв,  санхүү,  эдийн засгийн бодлого зохицуулалтын хороо

2.  Нийгмийн бодлого зохицуулалтын хороо

3. Хүнс хөдөө аж ахуй,  байгаль  орчны бодлого зохицуулалтын хороо

          8.2. Хороо тус бүр нь 7-9 Төлөөлөгчтэй байх ба хороо нь дарга, гишүүд гэсэн бүтэцтэй байна. Ажлын алба хороодын нарийн бичгийн даргаар ажиллаж, туслах үүрэгтэй оролцоно.

8.3. Хурлын хорооны тоо, хамаарах асуудал, бүрэлдэхүүний талаар төлөөлөгчдийн санал авч, Хурлын бүрэн эрхийн хугацаагаар төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулна. Төлөөлөгч хоёроос илүүгүй хороонд харъяалагдана.

Хорооны хурлыг ээлжит хуралдааны өмнө нэгээс доошгүй удаа нэгдсэн хуралдаан бусад хороодын хуралдааны товтой давхцуулалгүйгээр хийх бөгөөд хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудалд санал, дүгнэлт өгнө.

8.4. Хурлын хорооны даргыг тухайн хорооны Төлөөлөгчдийн дотроос сонгож, Хурал батална.

8.5. Хурлын төлөөлөгч бүх хороодын хуралд оролцож санал гаргах, үг хэлэх эрхтэй ба зөвхөн өөрийн харьяалагдах хорооны хуралд санал хураалгах эрхтэй оролцоно.

8.6. Хороо ба түүний хурал нь хурлын төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх үндсэн хэлбэрийн нэг бөгөөд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 12.1.7-12.1.9 дэх заалтуудад заасан хууль тогтоомж, аймаг, сумын ИТХ-ын шийдвэрийн биелэлт ба албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийх, тэдгээрээс илтгэл, сонсгол, асуулгын хариу авах эрхтэй

8.7. Хороо нь тэдгээрийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар  хурлын нэгдсэн хуралдаанд  тухай бүр илтгэл тавьж болох ба жил бүрийн үйл ажиллагааны тайланг нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ.

8.8. Хороо нь өөрийн ажлын зохион байгуулалт, хуралдааны журмыг энэхүү дэгт нийцүүлэн гаргах ба хурлын товыг энэ зүйлийн 8.3 дахь хэсэгт заасныг баримтлан Хурлын даргатай зөвшилцөн тогтооно.

8.9. Хурлаас цаг үеийн асуудлыг судлах, санал дүгнэлт боловсруулах, хянан шалгах үүрэг бүхий түр хороо, ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно. Түр хороо, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тодорхой чиглэлээр мэргэжлийн байгууллагын туслалцаа авах, мэргэжилтэн, зөвлөх, асуудал хариуцсан ажилтан нарыг оруулах ба тэдгээрийн ажлын үр дүнг харьяалах хорооны хурлаар хэлэлцүүлж шаардлагатай тохиолдолд нэгдсэн хуралдаанд оруулна.

8.10. Хурлын хороод нь хэлэлцсэн асуудлаараа санал дүгнэлт, зөвлөмж гаргах ба шаардлагатай бол эдгээрийг Хурлын хуралдаанд оруулж шийдвэр гаргуулна. Шийдвэрийн төслийг тухайн хорооны дарга Хурлын даргад өргөн барина.

8.11. Төлөөлөгчид шаардлагатай гэж үзвэл ёсзүйн дэд хороог байгуулж, бусад хороодын адил ажиллуулж болно.

 

9 дүгээр зүйл. Хуралдааны шийдвэр

 

9.1. Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд тогтоолыг тухайн Хурлын хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн олонхийн саналаар батàлна.

9.2. Хурлын тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулна.

9.3. Хурлын шийдвэрийг ёсчлон баталсан даруйд сумын Засаг дарга, холбогдох ажилтан, албан тушаалтанд ажлын гурав хоногийн дотор нэг хувийг хүргүүлэх бөгөөд хэвлэн нийтэлж олон нийтэд мэдээлнэ.

9.4. Хурлын шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол  түүнийг Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно.

 

            10 дугаар зүйл. Хурлын шийдвэрт хориг тавих

 

10.1.Хурал Үндсэн хууль, бусад хууль тогтоомж зөрчсөн эсхүл өөрийнх нь бүрэн эрхэд үл хамаарах, түүнчлэн хэрэгжих санхүүгийн болон бусад эх үүсвэргүй шийдвэр гаргасан бол  Засаг дарга холбогдох шийдвэрт бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эрхтэй.

10.2. Засаг дарга Хурлын шийдвэрт хориг тавьсантай холбоотой харилцааг Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27-р зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.

 

11 дүгээр зүйл. Хуралдааны бэлтгэл ажиллагааг хангах

 

11.1. Монгол улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, бусад хуулинд хэлэлцэхээр заасан асуудлууд, Хурлын байгууллагаас сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд баримтлах  чиглэл, Хурлын Тэргүүлэгчдийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан асуудлыг ээлжит  хуралдаанаар  хэлэлцэн шийдвэрлэнэ.

11.2. Ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан илтгэл, гарах шийдвэрийн төслийг асуудал оруулж байгаа Төлөөлөгч болон Хурлын ажлын алба, Засаг дарга түүний Тамгын газар, албан тушаалтанууд хамтран  боловсруулна.

11.3.Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тухайн асуудал эрхэлсэн хорооны хурлаар урьдчилан хэлэлцэж, нэгдсэн санал дүгнэлтийг хуралдаанд оруулна. 

11.4.Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргах, хорооны санал дүгнэлт бэлтгэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах ажлыг тухайн хорооны дарга, Хурлын ажлын алба үүргийн дагуу хариуцна.

11.5.Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1-ээс доошгүй хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг  хуралдаанаар хэлэлцэхгүй.

11.6.Хуралдаанд хэлэлцэх асуудалтай холбогдуулан хуралдаанд урилгаар оролцох албан тушаалтны нэрсийг Хурлын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргатай зөвшилцөн урилгыг Хурлын ажлын албанаас 2-оос доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ.

11.7. Нэгдсэн хуралдааныг хэвийн явуулах бэлтгэлийг хангах, хүндэтгэлийн туг, сүлд болон шаардлагатай техник тоног төхөөрөмжийг Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газар урьдчилан хангасан байна.

 

12 дугаар зүйл. Хурлын хуралдааныг зохион байгуулах


12.1.Хурлын хуралдааныг нээлттэй, хаалттай хэлбэрээр зохион байгуулж болно.

12.2.Нээлттэй хуралдааны үед дараахь журмаар хуралдааны ажиллагааг зохион байгуулна. Үүнд:

12.2.1.Хурлын төлөөлөгчид, урилгаар оролцогсод, иргэдийн төлөөлөл хуралдаан эхлэхээс өмнө суудлаа эзэлсэн байна. Хуралдааны ирц, урилгаар суугчдын талаар Хурлын ажлын албанаас хурал даргалагчид урьдчилан мэдэгдэнэ.

12.2.2. Хуралдаан даргалагч хуралдааныг нээж товч үг хэлэх бөгөөд Төлөөлөгчдийн ирц, урилгаар оролцож байгаа хүмүүсийн талаар танилцуулна. Төлөөлөгч өвчтэй хүн асарч байгаа, гадаад, дотоод томилолттой байгаа эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр чөлөөтэй байгааг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцно.

12.2.4. Хуралдаан даргалагч хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж батлуулна.

12.2.5. Хэлэлцэх асуудалтай холбоотой илтгэл, сонсгол мэдээлэл нь Төлөөлөгчдөд урьдчилан тараасан бол түүнийг бүтнээр нь сонсохгүйгээр тайлбар авч, санал, дүгнэлтийг нэгтгэн сонсож, гарах шийдвэрийн төслийг хэлэлцэнэ. Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалд холбогдох зураг, хүснэгт, танилцуулга, дүрс ба дууны бичлэг, видео бичлэг, биет зүйлс түүний загвар хэсгийг хуралдаанд үзүүлж болно.

12.3. Төлөөлөгчид хуралдаанд оролцохдоо хуралдааны дэг, хуралдааны даргын шаардлагыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд үг хэлэх, санал шүүмжлэл гаргах, асуулт тавих эрхийг дараахь байдлаар эдэлнэ. Үүнд:

12.3.1. Үг хэлэх, асуулт асуухаа урьдчилан мэдэгдэн дараалалд орж хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авна.

12.3.2. Тогтоосон хугацаанд өөрөө үг хэлэх, асуулт асуух энэхүү эрхээ бусад төлөөлөгчдөд шилжүүлэхгүй

12.3.3. Хуралдаан даргалагч зөвшөөрөл өгөөгүй байхад үг хэлэх буюу асуулт тавих энэхүү эрхээ эдлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх бусдыг доромжлох, нэр төрийг нь гутаах, басамжлах, яриаг нь таслах өмнөөс нь үг хэлэх                

өөрийн саналыг дэмжүүлэх буюу бусдын саналыг үгүйсгэх зорилгоор хүч хэрэглэх, бусад төлөөлөгчдийг хуралд оролцохгүй байхыг уриалах  зэрэг үйлдэл гаргахыг хориглоно.

            12.3.4. Төлөөлөгч хэлэлцэж байгаа асуудал бүрээр эхний удаад 5 минут, дараагийн удаад 3 минут хүртэл хугацаагаар үг хэлнэ. Үг хэлэх хугацааг тухайн хэлэлцэх асуудлаас шалтгаалан тухайн хуралдаанаас тогтооно. Энэхүү эрхээ зөвхөн 1 асуудал дээр эдлэнэ.

            12.3.5. Төлөөлөгч хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан төр захиргааны албан тушаалтанд хандаж асуулга тавьж хариу авч болно. Тавьсан асуулганд тухайн хурал дээр хариу өгөх боломжгүй бол хариуг албан бичгээр мэдэгдэнэ.

             12.4. Хэлэлцэж байгаа асуудлаар Төлөөлөгчдийн гаргасан горимын саналыг сонсох, түүгээр санал хурàалгаж болно. Горимын санал гэж хуралдаанаар тухайн асуудлыг хэрхэн хэлэлцэж шийдвэрлэх талаар Төлөөлөгчдөөс гаргасан саналыг ойлгоно.

            12.5. Хуралдааны санал шүүмжлэлийг төлөөлөгчдийн олонхийн саналаар тасална. Шаардлагатай гэж үзсэн цөөнхийн саналыг тусгайлан хэлэлцэж хуралдааны шийдвэрт болон тэмдэглэлд тусгана.Төлөөлөгч нь санал шүүмжлэлээ бичгээр гаргаж болно.

            12.6. Тодорхой асуудал хэлэлцэх явцад шаардлагатай бол намын бүлгийн завсарлага авах, төлөөлөгчдийн олонхийн саналаар хуралдааныг түр завсарлуулах ба хугацааг нь Хурлын даргатай тохирно.

12.7. Хурлын тогтоол бусад баримт бичгийн төслийг нарийвчлан хянаж Төлөөлөгчдийн санал шүүмжлэлийг тусгаж нягтлан  боловсруулах зорилгоор хуралдаанаас гарах шийдвэрийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж болно.

12.8. Төлөөлөгч нь хуралдаанд хэлэлцүүлэхээр тогтоолын төсөл оруулах, тогтоолын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах, засвар хийх эрхтэй. Тогтоолын төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг төлөөлөгчдөөр хэлэлцүүлж, тэдний олонхийн саналаар шийдвэрлэнэ.Цөөнхийн саналыг тэмдэглэл бичнэ. Хэрэв хүсвэл санал хураалтаар цөөнх болсон төлөөлөгчдийн тайлбарыг сонсож дахин саналт хураалт явуулж болно.

12.9. Хуралдааны дарга нь бичгээр тавьсан санал, асуулт, асуулгын талаар төлөөлөгчдөд сонсгох, танилцуулж хэлэлцүүлэх, хэлэлцсэн асуудлаар төлөөлөгчдийн саналыг хурааж дүнг мэдээлж  эцсийн шийдвэрийг батлуулна.

12.10. Хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг нийтэд нээлттэй байршуулан, урьдчилан танилцах боломжийг бүрдүүлнэ.

12.11. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тавьсан санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч хэрхэн хэлэлцэх журмыг хурал өөрөө тогтоож мөрдөнө.

 

13 дугаар зүйл. Нээлттэй хуралдааны дэг

 

13.1. Нээлттэй хуралдаанд хэлэлцэж байгаа асуудлыг боловсруулахад оролцсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн, холбогдох ажилтанууд, иргэдийн төлөөлөл ажиглагчаар  оролцож болно.

13.2. Нээлттэй хуралдааны явцыг дуу, дүрс бичлэг, мэдээллийн бусад хэрэгсэлийг ашиглан бэхжүүлнэ.

13.3. Нээлттэй хуралдаанд  оролцох  хүсэлт тавьсан болон урилгаар оролцох иргэдийн төлөөллийг бүрэн оролцуулах боломж нөхцөлийг бүрдүүлнэ.

 

14 дүгээр  зүйл. Хаалттай хуралдааны дэг

 

14.1. Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэж болно.

14.2. Хаалттай хуралдаанаар сумын  Засаг дарга, тухайн асуудлыг хариуцсан байгууллагын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, асуудлыг боловсруулахад оролцсон ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг оролцуулж болно.

14.3. Шаардлагатай тохиолдолд энэ зүйлийн 14.2-д зааснаас бусад хүнийг хаалттай хуралдаанд оролцуулж болох бөгөөд хуралдаанд оролцогчдоос нууц задруулахгүй байх баталгааг урьдчилан гаргуулна.

14.4. Хаалттай хуралдаанд дуу, дүрс бичлэг хийх, гар утас авч орох, утсаар ярихыг хориглоно.

14.5. Хаалттай хуралдааны талаар зөвхөн нууцын дэвтэрт тэмдэглэл хийх бөгөөд шүүхийн шийдвэрээр дэлгэхээс бусад тохиолдолд нийтэд дэлгэхгүй.

 

 15 дугаар зүйл. Хуралдаан даргалагчийн эрх, үүрэг

 

15.1. Хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн аль нэг нь нээж удирдана. Хуралдааныг зохион байгуулах талаар хуралдаан даргалагч дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

15.1.1. Хуралдааны товыг тогтоон зарлаж бэлтгэлийг хангах,

15.1.2. Хуралдааныг товлосон цагт эхлүүлж дэгийн дагуу зохион байгуулж, зөрчигдвөл таслан зогсоох ,

15.1.3 Саналаа ирүүлсэн дарааллыг баримтлан төлөөлөгчдөд асуулт асуух, үг хэлэх зөвшөөрөл өгөх,

15.1.4  Төлөөлөгчдөөс гаргасан горимын саналаар санал хураалт явуулах

15.1.5. Санал хураалт явуулж, дүнг мэдээлэх,

15.1.6. Хуралдааны шийдвэрийг хэлбэржүүлэх ажлыг зохион байгуулах

15.1.7. Ирц хүрэлцэхүйц байвал хүндэтгэх шалтгаантай төлөөлөгчид чөлөө өгөх,

15.1.8. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх, үүрэг

 

15.2. Асуудлыг хэлэлцэх журам, дарааллын талаар төлөөлөгчөөс гаргасан саналыг горимынх гэх бөгөөд түүгээр нэг удаа санал хураана.

15.3. Хурлын хуралдаан, Тэргүүлэгчдийн хурал болон хороодын хуралдааныг орон нутгийн сонин,  мэдээллийн бусад хэрэгсэлээр сурталчилах ажлыг зохион байгуулна.

 

16 дугаар зүйл. Хуралдааны тэмдэглэл хөтлөх

 

16.1. Хуралдаан бүр дээр түүний үйл ажиллагааг нарийн тэмдэглэсэн тэмдэглэлийг хөтлөнө. Үүнд:

16.1.1. Хуралдааны дугаар, хуралдаан хийсэн он , сар, өдөр

16.1.2. Хуралдааны ажиллагаа эхэлсэн, дууссан, илтгэл, хавсралт , санал , шүүмжлэл, асуулт, хариулт, асуулга, тайлбар, лавлагааг  /хугацааны хамт/ тэмдэглэнэ.

16.1.3. Хуралдааны ирц тоо, хувиар байхгүй байсан төлөөлөгчийн нэр, шалтгаан,

16.1.4. Хуралдаан нээсэн хүний овог нэр, хуралдааны даргад хэний саналаар, ямар албан тушаалтан сонгосон

16.1.5. Илтгэл, хавсралт илтгэл, бусад асуудлыг ямар албан тушаалтан танилцуулсан    

                    16 .1.6. Илтгэгчдээс асуусан асуулт, түүнд өгсөн хариулт,

16.1.7. Санал, шүүмжлэл гаргасан төлөөлөгч, урилгаар оролцсон хүмүүсийн нэр, албан тушаалтан

16.1.8. Хуралдааны ажиллагааны явцад тавигдсан асуулга, түүнд хуралдаан дээр хариулт өгсөн бол гол утга

16.1.9. Баталсан шийдвэрүүдийн нэр, хурлын тогтоолуудыг хэлэлцүүлж батлуулсан журам, саналын дүн,

16.1.10. Хуралдааны явцад хэлэлцсэн, сонордуулсан, тараасан баримт бичиг,

16.1.11. Төлөөлөгчид тусгайлан тэмдэглүүлэхээр өөрөө бичсэн зүйл,

16.1.12. Хуралдаанд хоцорч ирсэн, чөлөө авсан, өвчтэй байсан, тасалсан, хуралдааны даргын зөвшөөрөлгүйгээр гарч явсан төлөөлөгчийн нэр, цаг минут,

16.1.13. Төлөөлөгчдийн хуралдаанд хэлсэн үгийг тодорхой бичих бөгөөд тусгайлан тэмдэглүүлсэн зүйлийг тухайн төлөөлөгчдөд хянуулж гарын үсэг зуруулна.

16.1.14. Хуралдааны тэмдэглэлд дарга хянан гарын үсэг зурж, хуралдааны материалд хавсаргана.

 

17 дугаар зүйл. Хурлын шийдвэрийг зохион байгуулах

 

17.1. Хуралдааны тогтоолыг мөрдөх хугацааг жичид нь заагаагүй бол уг хуралдаан болсон өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

17.2. Хуралдааны шийдвэрийг мэдээлж сурталчлах, биелэлтийг зохион байгуулах ажлыг Тэргүүлэгчид, Хурлын төлөөлөгч, Хурлын ажлын алба, Засаг дарга түүний Тамгын газар, албад ажилтанууд  хариуцна.

17.3. Хуралдааны тухай мэдээ, хуралдаанаас гаргасан тогтоолыг Хурлын ажлын албанаас 5 хоногийн дотор нийтэд мэдээлнэ. Хурлын шийдвэрийг хэвлэлд нийтлэх, холбогдох байгууллагад хүргэх асуудлыг Хурлын дарга, нарийн бичгийн даргын зөвшөөрлийг  авна.

17.4.Хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүнгийн талаар сумын Засаг дарга, түүний Тамгын газар,албад,албан тушаалтан, нутаг дэвсгэртээ оршиж байгаа албан байгууллага, аж ахуйн нэгж дээр шалгах, тэдгээрийн удирдлагуудын илтгэл, сонсголыг хэлэлцэж үнэлэлт,  дүгнэлт өгнө.

17.6.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн дагуу хурлын шийдвэр биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно.

17.7.Хурлын шийдвэрийн биелэлтийн талаар Хурал түүний Тэргүүлэгчид тусгайлан хэлэлцэж чиглэл өгөх, хугацаатай үүрэг даалгавар өгөх, шаардлага тавих, хариуцлага тооцох зэргээр гаргасан шийдвэртээ хяналт тавьж ажиллана.

          

 18 дүгээр зүйл. Хурлын дэг хүчин төгөлдөр болох


18.1 Энэхүү Хурлын дэг батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

 

---------- oOo-----------

 

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe6OqWWrFtGy23m5zw5avmNl_F_nd-e3BVuAqDiYQWXNLZGBw/viewform?usp=sf_link АСУУДАЛ БАЙВАЛ АНХААРАЛ ХАНДУУЛЬЯ !!!

санал өгсөн: 0